Гийчид нь..,

Saturday, December 18, 2010

Танай энд амьдрах дэндүү сонирхолтой


Сар ганцаарддаггүй, салхи догширдоггүй
Тийм ертөнцөөс би ирсэн
Сэтгэл хиртдэггүй, царай гунддаггүй
Тийм газар би мэндэлсэн
Цас хайлддаггүй, цонх цантдаггүй
Цаг хуучирдаггүй, нас хорогддоггүй
Цэцэгс хагдардаггүй, навч шаралддаггүй
Цээжиндээ гуниггүй, хацартаа нулимсгүй
Тийм л газар би төрсөн
Танай эндхийн үнэн өрөвдмөөр худалч
Танай эндхийн бороо уйлмаар гунигтай
Танай эндхийн гэрэл үнэмшмээргүй харанхуй
Танай эндхийн юм бүхэн уйтгарт харцтай
Танай энд хүүхдүүдийн зарим нь уйлдаг
Танай энд хүмүүсийн хагас нь ганцаарддаг
Танай энд жаргал, зовлон ээлжилдэг ч
Танай энд амьдрах дэндүү сонирхолтой
Нар жаргадаггүй, од анивчдаггүй
Тийм ертөнцөөс би ирсэн
Нойр хулжддаггүй, ном хуучирдаггүй
Тийм газар би мэндэлсэн
Айх айдасгүй, арчих нулимсгүй
Аз харьдаггүй, амьдралд гунидаггүй
Аав минь явдаггүй, ээж минь өтөлдөггүй
Би тунидаггүй, бийр минь хатдаггүй
Тийм газраас би ирсэн ч
Эргээд тийшээ явах хүсэл үгүй
Эндээ л би насыг барна
Танай энд жаргал дандаа байдаггүй ч
Танайл л энд амьдрах дэндүү сонирхолтой

No comments:

Post a Comment